
🇲🇳🇰🇷 Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан “Хаягжуулалт, орон зайн мэдээллийн талаарх мэдлэг, туршлага солилцох” уулзалт, хэлэлцүүлэг Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж байна.
Тус уулзалтад Солонгосын талаас Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Дэд сайд Ким Мин Жэ болон Газар, дэд бүтэц, тээврийн яамны Газар, геоматик корпорацийн холбогдох албан хаагчид, Монголын талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний нөөц, цахим засаглал хариуцсан дэд дарга С.Тэнгис, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням, түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид оролцож байна.
Арга хэмжээний үеэр хоёр улсын хаягжуулалтын бодлого, орон зайн мэдээллийн дэд бүтэц, хаягийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, мэдээллийн систем хоорондын уялдаа холбоо, хаягийн мэдээлэлд суурилсан төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн талаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулагдаж байна.
Мөн тус улсын “Орон нутгийн мэдээллийн хөгжлийн хүрээлэн”-д зочилж, хаягийн мэдээллийн систем, объектод хаяг олгох үйл ажиллагаа болон хаягийн тэмдэглэгээний бүртгэл, засвар үйлчилгээний системтэй танилцан, мэдээллийн системийн үйл ажиллагаа, хэрэглээний талаар туршлага судалж, харилцан санал солилцлоо.
Төслийн хүрээнд хаягийн мэдээллийн системийг шинэчлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах, газрын мэдээллийн системийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шаардлагатай техник, технологийн дэд бүтцийг бүрдүүлэх гэсэн үндсэн таван чиглэлийн ажлыг хэрэгжүүлнэ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын төрийн байгууллагуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, салбарын бодлого, туршлагаа хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.