
🇲🇳🇰🇷 Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж буй “Хаягжуулалт, орон зайн мэдээллийн талаарх мэдлэг, туршлага солилцох” уулзалтын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Дэд сайд Ким Мин Жэ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Тэнгис болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням, Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт болон хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр төслийн зорилго, үндсэн чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнг хэлэлцэж, төслийн хэрэгжилтийг хангах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар ярилцаж тохиролцлоо.
Дэд сайд Ким Мин Жэ төслийн зорилго, үр дүнд хүрэхэд хоёр улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, цаашид бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2026-2029 онд хэрэгжиж буй уг төсөл нь Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх, хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог сайжруулах, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхижуулах зорилготой юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлснээр хаягийн мэдээллийн үнэн зөв, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хаягт суурилсан цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.