
Номгон сумын Засаг дарга Г.Буянхүүгийн хүсэлт, санаачилгын дагуу орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг бүрэн бүтэн хадгалан хамгаалах, эрх зүйн баталгааг хангах, хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, WCS Mongolia (Wildlife Conservation Society)-ийн хөтөлбөрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвлөх, доктор Б.Оюунгэрэл удирдан явуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн зохицуулалт, хамгаалалтын ач холбогдол, газар ашиглалт болон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Тус сургалтад сумын Засаг дарга Г.Буянхүү, Засаг даргын орлогч Ү.Баттөр, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Булгамаа, мэргэжилтэн Б.Насанбаяр болон багийн Засаг дарга нар оролцлоо.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан бичигт дурдсан, Номгон сумын ИТХ-ын 2026 оны 8/04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн газар нутгийг кадастрын бүртгэлийн системд бүртгэхэд тулгарч буй асуудал, бусад тусгай хамгаалалттай газар нутаг болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй нөхцөл байдлын талаар авч үзэв.
Сургалтын хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг, бүртгэл, эрх зүйн баталгаажуулалтыг сайжруулах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах, байгалийн үнэт өв, түүх соёлын дурсгалт болон экологийн чухал ач холбогдол бүхий газар нутгийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэн үлдээхэд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Байгаль орчноо хамгаалж, газар нутгийнхаа унаган төрх, байгалийн баялгийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэн үлдээх нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм.