
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн мэс заслын тасаг 2025 онд бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн дотор 12-13 нэр төрлийн хагалгааг орон нутагт шинээр нэвтрүүлж, энэ хугацаанд төлөвлөгөөт, яаралтай, дээд мөч, доод мөч, цээж хэвлийн хөндийн гэмтэл, насанд хүрэгч, хүүхдийн зэргээр нийт 435 мэс заслыг амжилттай хийжээ.
Гэмтлийн мэс заслын эмч нарын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Э.Энхбат урьж, өнөөдөр албан ёсоор хүлээн авч уулзав.
Гэмтлийн мэс заслын хагалгааг Монгол Улсын зөвлөх эмч Ц.Бат-Очирын удирдлага дор Я.Ганхуяг, Б.Билгүүндалай, Ш.Даваасүрэн нарын их эмч нар гардан хийж байгаа бөгөөд гэмтлийн мэс заслаар Хангайн бүсийн төв болох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Эмч залуус цаашид тархи, хэвлий, гар сарвууны гэмтлийн мэс заслаар мэргэжил дээшлүүлж, орон нутагт урт хугацаанд ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэмтлийн мэс заслын тасгийн эмч Ш.Даваасүрэн, Б.Билгүүндалай, Я.Ганхуяг нар гэр бүлийн хамт жил орчмын өмнө Баянхонгор аймгийг зорьж ирсэн. Эдгээр залуу эмч нарын хоёрынх нь гэр бүлийн хүн мөн эмч мэргэжилтэй. Тэд энэ хугацаанд гэр бүл, үр хүүхдийн хамт түрээсийн байр болон хадмындаа амьдарч иржээ.
Засаг дарга Э.Энхбат: “Гэмтлийн мэс заслын хангайн бүсийн төв болох зорилтыг биежүүлэхэд аймгийн зүгээс ямагт дэмжиж, хамтран ажиллана. Төрийн нэрийн өмч дээр байдаг зарим орон сууцад шилжүүлэх, ипотекийн зээлд хамруулах, урьдчилгаа нөхцөл дээр ямар дэмжлэг үзүүлэх талаар шийдэл гарган, орон нутгийг сонгон, үр дүнтэй ажиллаж буй мэдлэг чадвар бүхий боловсон хүчнийхээ нийгмийн баталгааг хангах талаар анхаарч ажиллана” гэдгээ албан ёсоор илэрхийллээ.