
Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудын шуурхай хурал боллоо.
Хурлаар Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат цаг үеийн шинж чанартай, авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар удирдлагуудад мэдээлэл өгч, зарим чиглэлийг өгөв.
Аймгийн удирдлагын өгсөн мэдээллийг багцалбал,
1. Утааг бууруулах бодлогын хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй томоохон хэмжээний 8 дулаан үйлдвэрлэгч ААН үйл ажиллагаандаа технологийн шинэчлэл нэвтрүүлж байна. Дулаан үйлдвэрлэгч нар тус бүрдээ 300-500 сая төгрөгийн хувийн хөрөнгөөр томоохон шинэчлэлийг нэвтрүүлж байгаа бөгөөд хамгийн сүүлийн тоног төрөөхөмж одоо тээвэрлэлтийн шатандаа явна. Ирснээр цаг алдалгүй холболтын ажлыг эхлүүлж, суурилуулна. Шинэчлэл хийснээр уурын зуухуудын яндангаас гарч буй утаа эрс багасаж буй үр дүнг гаргаж байна. Ирэх онд мөн нэг дулаан үйлдвэрлэгч ААН технологи ажиллагаагаа шинэчлэнэ.
2. Сэргээгдэх эрчим хүч, гэр дулаалга, агаар сэлгэлт, цахилгаан халаагуурын багцыг нийлүүлэхээр 4 ААН-тэй аймаг орон нутаг тодорхой нөхцлийн хүрээнд хамтран ажиллаж байна. Банкуудын ногоон зээлд хамрагдахаар манай айл өрхүүд санаачилгатай оролцож байгаа хэдий ч өр орлогын харьцаа зэргээсээ хамаарч зээлийн шаардлага хангахгүй зэрэг асуудлууд тулгарч байна.
3. Утааг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн оролцоо чухал гэдгийг оны эхний хурал дээр хэлж байсан. Одоо манай байгууллагын удирдлагууд байгууллагын түвшиндээ гэр хороололд амьдарч буй нэг ч гэсэн ажилтныхаа амьдралд ямар өөрчлөлт гаргасан. Дулаалгын багц, агаар сэлгэлт, цахилгаан халаагуур суурилуулсан уу. Ямар боломж эрэлхийлж ажилласан зэргээр нь үр дүнг нягталж эрэмбэлнэ.
4. ХАА-н салбарт энэ өвөл, ирэх хаврыг эрсдэл багатай даван туулахад Онцгой комиссын зүгээс бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна. Төрийн үйлчилгээнд нэг суманд, нэг байгууллагад давхардан олгогдсон машин техникүүдийг шаардлагатай газруудад шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэв.
Хурлын үеэр АЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга Д.Одонтунгалаг, “Чандмань Баянхонгор” ХХК-ийн дарга Б.Соронзонбаатар, ХХААГ-ын дарга Т.Эрдэнэбат, УБХ-ийн дарга Ч.Мөнхжаргал, Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Ц.Батдорж харьяалах асуудлаар тодруулга мэдээлэл өгч, санал гаргав.
Удирдлагуудын шуурхай хурал 14 хоногийн хугацаатай, даваа гараг бүр болно.