
Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр болон Баян сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбадорж нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Зуунмод сумын 5 дугаар зуухыг шинэчлэх, “Төв Чандмань” ДЭХГазарт 5000 тонн нүүрс хандивлах талаар тусгажээ. Мөн Баян сумын хуучин хогийн цэгийг шинэчлэх, Баянжаргалан суманд үерийн далан хийх ажлыг тусгасан байна. Энэхүү ажлууд 2026-2028 онд хэрэгжих юм.
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь Баян, Баянжаргалан сумын нутагт “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл” хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү цахилгаан станц нь нийт 600МВт хүчин чадалтай. Эхний блокууд нь ашиглалтад орж эрчим хүчээ нийлүүлж эхэлсэн бөгөөд 2027-2028 онд 3, 4 дүгээр блокуудаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.