
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилготой сургалт, өдөрлөгийн өнөөдөр Дундговь аймагт зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалахын газрын дарга С.Мөнхчулуун Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж, буй бодлого, зорилт, батлан хамгаалахын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр “Цэрэг - Эх оронч үндэсний үзэл, хүмүүжлийн тухай” сэдэвт лекц зохион байгуулж, “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат киног толилуулан, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.
Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 28 ахмад дайчны үр, хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт болон Батлан хамгаалахын сайдын Чөлөөлөх дайны 80 жилийн ойн “Бид ялав” дурсгалын медалийг гардууллаа.
Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд Дундговь аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд оролцож, байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийг олон нийтэд дэлгэн танилцуулав. Мөн Цэргийн төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээг иргэдэд хүргэсэн юм.
Тус арга хэмжээ нь батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чиглэснээрээ ач холбогдолтой аж.