
Дундговь аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж буй “Dundgobi Cup-2026” волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-25-ны өдрүүдэд болж байна.
Тус тэмцээн нь Дундговь аймгийн спортын түүхэн амжилтыг алдаршуулах, Монголын ууган спортын холбоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, олон улс болон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцох тамирчдыг бэлтгэх, волейболын спортын амжилтыг ахиулах зорилготой юм.
Тэмцээнд мини, ахмад, залуучуудын ангиллаар нийт 1300 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд мини волейболын ангилалд 90 баг тамирчин, ахмадын ангилалд 10 баг тамирчин, залуучуудын ангилалд 20 баг тамирчин өрсөлдөв.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 24-ний өдөр болж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Дундговь аймгийн Волейболын холбооны тэргүүн Б.Бадмаанямбуу, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Өлзийбаяр, “SG Hawks” багийн менежер н.Ганцоож нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Нээлтийн үеэр мини болон ахмадын ангилалд байр эзэлсэн багуудын шагналыг гардуулсан бөгөөд залуучуудын ангиллын тоглолтууд үргэлжилж байгаа юм.
Мөн энэ үеэр Галбаатарын Мөнхбаатар “Спортын дэд мастер” цол хүртсэн бол Монголын волейболын холбооны Дээд лигийн мөнгө, хүрэл медальт “Шанх транс”, “SG Hawks” багуудын хүндэтгэлийн тоглолт боллоо.