
“Нээлттэй Дундговь” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот, Дорноговь болон Дундговь аймагт суралцаж буй нутгийн оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймагт хэрэгжүүлж буй ажил, ололт амжилт, хамтын ажиллагаа, оюутнуудад нээлттэй тэтгэлэг, дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонслоо. Тус хөтөлбөрийн хүрээнд 2025, 2026 онд нийт 26 оюутанд сургалтын дэмжлэг үзүүлээд байна.
Уулзалтад оролцсон оюутнуудын 100 хувийн саналаар Дундговь аймгийн Шинэ үе оюутны холбоог үүсгэн байгуулав. Оюутнууд өөрсдийн холбоотой болох хүсэлтэй байснаа илэрхийлж, ийнхүү нэгдэж байгаадаа баяртай байгаагаа хуваалцсан юм.
Тус холбоо нь нутгийнхаа 1,700 гаруй оюутны дуу хоолойг нэгтгэж, тэтгэлэг, дадлага, ажлын байрны мэдээлэл солилцох, бие биеэ болон сурагч дүү нараа дэмжих, нутаг орныхоо хөгжилд хамтран оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Оюутнууд ойрын хугацаанд хуралдаж, холбооны ажлын төлөвлөгөө, төсвөө хэлэлцэнэ.
Мөн уулзалтад оролцсон оюутнууд ITM 2026 аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзан, зуны амралтаараа түр ажлын байранд ажиллах боломжийн талаар санал солилцов.
Үе үеийн оюутан, залуус эх орныхоо хөгжлийн түүчээ, шинэ үе нь байсаар ирсэн билээ. Нутгийнхаа хөгжлийн төлөө нэгдэж буй оюутан, залуусын санал, санаачилгыг дэмжин, хамтран ажиллана.