
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж, айл өрхийн галлагаа, цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрсдэлгүй Өвөрхангай – Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах нөхцөл, пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдал, цахилгааны угсралт, ашиглалт болон гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдалд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, шаардлагатай зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллаж байна.
Мөн иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ “What3Words” байршил тогтоох системийг ашиглах, өрхийн гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг үнэлэх хялбаршуулсан хяналтын хуудсыг QR кодоор бүртгүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч мөн үзлэг, шалгалтын мэдээлэл, илэрсэн зөрчил, дутагдлыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нэгдсэн дашбоард системд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын газар, харьяа анги, салбар, аврах бүлэг, сумдын Засаг даргын Тамгын газар, баг, хорооны Засаг дарга нар болон “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран хэрэгжүүлж, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Иргэд та бүхэн пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, цахилгаан хэрэгслийг зориулалтын дагуу ашиглан, галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, ӨРХ БҮРЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ!