
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн багийн төлөөлөл 2026 оны аравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.
Айлчлалын хүрээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй албаны хүмүүс Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юүки тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, ЖАЙКА-аас Дундговь аймагт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА хамтран “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрах чадварыг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Ажил турших хөтөлбөр”-ийг Дундговь аймагт 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд туршилтын таван загварыг хэрэгжүүлж, зургаа дахь буюу сүүлийн загварыг одоо хэрэгжүүлж байна. Уулзалтын үеэр төлөөлөгчид хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад талархал гардууллаа.
Дундговь аймаг ЖАЙКА-тай боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуй, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн юм.
ЖАЙКА-ийн төлөөлөгчдийн энэ удаагийн ажлын айлчлал нь хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцах, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэхэд чиглэж байна.