
Эрүүл мэндийн сайдын “Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай” 2021 оны А/370 дугаар тушаал нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, буруу хооллолтоос урьдчилан сэргийлэх, сургууль орчмын дэлгүүр, цайны газруудад эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хязгаарлах зорилготой чухал шийдвэр юм.
Тус тушаалын хэрэгжилтийг ханган ажилладаг эрх бүхийн албан хаагчдыг хамруулан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, улсын байцаагч нар хамрагдан оролцлоо.
Цаашид төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах ажлын саналыг хэлэлцэн тохиролцлоо.
Сургууль орчмын дэлгүүрүүдэд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох төдийгүй, Эцэг эх, хүүхдийн шим тэжээлийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.