
@Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үүргээ биелүүлэхээр Дундговь аймгийн залуус 2026 оны II ээлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд мордлоо.
Энэ удаагийн цэрэг татлагаар Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдаас татагдсан залуус Зэвсэгт хүчний 013, 016, 326, 032, 167 дугаар анги болон Дотоодын цэргийн 810 дугаар ангид хуваарилагдан, алба хаахаар мордсон юм.
Залуусыг үдэн мордуулах үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун үг хэлж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн албаны эрдэм мэдлэг, ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг эзэмшин, эх оронч үзэлтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшихийг захилаа. Мөн аймгийн Засаг даргын зүгээс дайчдад хандан захиж буй захиасыг гардуулан өглөө.
Цэргийн жинхэнэ алба нь залуучуудад эх оронч үзэл, сахилга бат, хариуцлага, нөхөрлөлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужилтай болж, амьдралд хэрэгтэй мэдлэг, ур чадвар эзэмших чухал үе шат юм.
Дундговь аймаг залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад оролцох боломжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд “Хөдөөгийн сэргэлт”, “Шинэ Дундговь” хөтөлбөрийн хэрэгжилтээр дамжуулан залуучуудын оролцоо, санаачилгыг дэмжихийг зорьж байна.