
📍 Бүртгэлийн үйлчилгээг иргэнд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүллээ.
Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгоор улсын бүртгэлийн явуулын үйлчилгээг 2026 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Баянговь суманд зохион байгууллаа.
Тус үйлчилгээг Баянговь сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, дараах ажлуудыг хэрэгжүүлэв.
📌 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ
Энэ удаагийн явуулын үйлчилгээгээр иргэний улсын бүртгэлийн 22, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 59 үйлчилгээг 83 иргэнд үзүүлж, 26 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Мөн иргэний улсын бүртгэлийн журам зөрчсөн 2 иргэнд холбогдох зөрчлийн хэргийг хуульд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.
📌 ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭВ.
Түүнчлэн “Суралцагч сум-2026” төслийн “Хуулиа дээдэлье” зорилтот ажлын хүрээнд суралцагч өрхөөр сонгогдсон 13 өрхийн 26 гишүүнд “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эрх зүйн зохицуулалт”, “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Улсын бүртгэлийн цахим шилжилт, цахим үйлчилгээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Мөн 3 хосын гэр бүлийн харилцаа, гэрлэлтийн бүртгэлийн ач холбогдлыг таниулах зорилгоор “Гэрлэлтийн андгай өргөх” ёслол зохион байгуулж, гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгэн, гэрлэлтийн гэрчилгээг гардуулан өглөө.
📌 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАВ.
Хэлтсээс зохион байгуулж буй “Улсын бүртгэлийн цахим үйлчилгээг сурталчлах 10 хоногийн аян”-ы хүрээнд улсын бүртгэлийн ухаалаг чатбот үйлчилгээг иргэдэд танилцуулж, 11 иргэнд биечлэн заавар, зөвлөгөө өгч, chat.burtgel.gov.mn системд нэвтрэн ашиглах дадлага хийлээ.
Ингэснээр иргэд цахим үйлчилгээг бие даан ашиглах мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, бүртгэлийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар авах боломжоо өргөжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэв.
✨ ИРГЭНД ОЙР, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ — ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН
Улсын бүртгэлийн явуулын үйлчилгээг “Суралцагч аймаг-2026”, “Суралцагч сум-2026” төсөл, мөн улсын бүртгэлийн цахим үйлчилгээг сурталчлах 10 хоногийн аянтай уялдуулан зохион байгуулснаараа онцлог байлаа.
Бүртгэлийн үйлчилгээг сумын иргэдэд газар дээр нь хүргэж, орон нутгийн байгууллагатай хамтран ажилласан нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иргэдийн зүгээс “Цаг үеэ олсон, үр дүнтэй ажил боллоо” хэмээн талархал илэрхийлж байсан нь төрийн үйлчилгээг иргэнд ойртуулсан энэхүү ажлын бодит үр дүн байлаа.
Иргэн төвтэй, шуурхай, хүртээмжтэй улсын бүртгэлийн цахим үйлчилгээг хэвшүүлцгээе.


