
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баянхонгор аймагт зохион байгуулсан “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт зөвлөгөөнд манай хэлтсийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүд болон албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Тус зөвлөгөөн нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийн 2026–2028 оны хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох зохицуулалтыг сурталчлан таниулахад чиглэв.
Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын болон Татварын байгууллагын төлөөлөл, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл, төрийн албан хаагчид оролцож, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, ажилтнуудын эрх ашиг, нийгмийн баталгааг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлаар санал бодлоо солилцлоо.
Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, цалин хөлс ялгаварлалгүйгээр олгох, нийгмийн баталгааг хангах, ажилтан болон ажил олгогчийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нийгмийн түншлэл чухал үүрэгтэй.

