
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Соёлын төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, сумын Засаг дарга Ж.Өлзийжаргал, Ойдовын Уртнасангийн охид, гэр бүлийнхэн, ахмад уран бүтээлчид болон нутгийн иргэд оролцсон юм.
Нээлтийн үеэр тус Соёлын төвийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн нэрэмжит болгож, энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоолыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гардуулан өгөв.
Мөн Ойдовын Уртнасангийн үр хүүхэд, ач зээ нарын зүгээс соёлын төвийн үйл ажиллагааг цаашид тогтмол дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэн урлагийн хувцас, тохижилт болон дуугаралтын тоног төхөөрөмжийг хандивлалаа.
Шинэ барилга ашиглалтад орсноор сумын иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирч, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломж нэмэгдэж байгаа юм.
Тус соёлын төвийн барилгыг улсын төсвийн 2,858,819,165 төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр “Брэнд Шилдэг” ХХК ажилласан байна.