
Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг болон тус газрын холбогдох нэгжийн дарга нар 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймаг, нийслэлийн соёлын асуудал хариуцсан байгууллагын удирдлага, албан хаагчидтай цахим хурал хийж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг, чиглэл өглөө.
Хурлаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, 2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, Шилэн дансны аудит болон Эрсдэлийн хорооны хяналтын хүрээнд өгсөн үүрэг, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, тайлан, мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй байгууллагуудын ажлыг шуурхай зохион байгуулах талаар чиглэл өглөө.
Мөн төрийн цахим үйлчилгээний кибер аюулгүй байдлыг хангах журам, төрийн байгууллагын цахим хуудсанд тавигдах стандартын хэрэгжилтийг хангах, цахим орчны аюулгүй байдал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах асуудлыг хөндөж, холбогдох байгууллагуудад анхаарууллаа.
Түүнчлэн “Монгол бахархал – Бүтээлч сар” аяныг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах, энэ хүрээнд театр, чуулга, музей, номын сан, соёлын төвийн албан хаагчдыг хамруулсан сургалт зохион байгуулах бэлтгэл, төлөвлөлтийг хангах талаар санал солилцов.
Хурлын үеэр соёл, урлагийн байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлийн өнөөгийн байдлыг тодорхойлсон судалгаа, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын цахим төлбөрийн үйлчилгээний өнөөгийн байдлын судалгааны үр дүнг танилцуулж, илэрсэн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хурлын төгсгөлд өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, холбогдох ажил, арга хэмжээг тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, үр дүнг тооцож, биелэлтэд онцгой анхааран ажиллахыг аймаг, нийслэлийн соёлын асуудал хариуцсан байгууллагын удирдлага, албан хаагчдад үүрэг болголоо.