
Сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт зуршлын хэрэглээ /архи/-ээс ангижрахыг хүссэн иргэдэд дэмжлэг үзүүлэх, эмчлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг цогцоор нь хүргэх "Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв" байгуулагдаж 10 дугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ.
Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Дэмидмаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, “Дезерет” олон улсын энэрлийн байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Д.Пүрэвжаргал, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл болон холбогдох албаны бусад төлөөлөл оролцов.
✅ Тус төв ашиглалтад орсноор архины хэтрүүлэн хэрэглээг бууруулах, архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, уг эмгэгтэй иргэдэд эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.
✅ Донтох эмгэгийн шалтгаанаас үүссэн зан үйлийг засаж эдгэрэл сайжралд хүрэхэд цаг хугацаа, олон мэргэжилтний ур чадвар, эмчилгээ үйлчилгээний тогтвортой байдал, чанарын асуудал чухал үүрэг гүйцэтгэдэг учир зорилтот бүлгийн иргэд удаан хугацаанд 5 үе шаттай үйлчилгээнд хамрагдах юм. Тодруулбал,
1. Архины хордлого тайлах эмчилгээ
2. Сэтгэл заслын эмчилгээ
3. Гэр бүлд нь эргэн нэгтгэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ
4. Мэргэжил олгох, давтан сургах үйлчилгээ
5. Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хөдөлмөрт зуучлах, энгийн амьдралд хөл тавиулах гэсэн үе шаттай байна.
✅ Тус төв нь зөвхөн эмийн эмчилгээгээр хязгаарлагдахгүй сэтгэл засал, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг үзүүлэхээс гадна ар гэрийнхэнд нь зориулсан сэтгэл зүйн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мөн хөдөлмөрийн засал эмчилгээнд хамруулах бөгөөд үйлчлүүлэгчдийг ажилтай, орлоготой иргэн болгон бэлтгэх сургалтуудад хамруулж, ажлын байранд зуучлах зэрэг цогц үйлчилгээг үзүүлснээр тэднийг нийгмийн амьдралд бие даан хөл тавихад нь бодитой хувь нэмэр оруулах юм.