
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/515 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж, үнэлэх заавар”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Онцгой байдлын газрын харьяа анги, салбар, нэгжүүдийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг үнэлэх дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.
Дотоод хяналт, шалгалтаар анги, салбар, нэгжүүдийн удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын мэргэжлийн бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт, ашиглалт, холбоо, нөөцийн бүрдүүлэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгдсэн удирдамжийн дагуу шалган үнэлж байна.
Мөн шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, анги, салбар, нэгжүүдийн харилцан ажиллагаа, үүрэг гүйцэтгэх уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Энэхүү хяналт, шалгалт нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед алба хаагчдыг шуурхай, үр дүнтэй, аюулгүй үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.