
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд Хангайн бүсэд ажиллаж, гишүүн байгууллагууд, анхан шатны ҮЭ-ийн нэгжийн төлөөлөлтэй уулзан, санал солилцож байна. МҮЭХ-ын удирдлагууд бүсийн уулзалтыг Баянхонгор аймгаас эхлүүллээ.
Уулзалтын үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир 2025 онд хуралдсан МҮЭХ-ны ээлжит XXV их хурлаас баталсан 2040 он хүртэлх “Хөгжлийн хөтөлбөр”, “Алсын хараа” бодлогын баримт бичгүүдийг танилцуулж, хэрэгжүүлж буй ажлуудын уялдаа холбоо, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамирыг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргал, АЗДТГ-ын дарга П.Отгонбаяр нарын удирдлагууд хүлээн авч уулзан, хөдөлмөрийн харилцааны хүрээнд орон нутагт ажиллаж буй ТЗ-ийн мэргэжилтнүүдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх бодлого, шаардлагын тухайд санал солилцов.
МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөр нь дөрвөн үндсэн зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнг тодорхойлсон бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг даван туулах, гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээндээ Баянхонгор аймагт зохион байгуулж буй “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт зөвлөгөөний үеэрээ гишүүдийн саналыг нээлттэй сонсов.
Зөвлөгөөн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрийг сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа аж.
Тус зөвлөгөөнд МҮЭХ, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо болон холбогдох байгууллагуудын нийт 35 төлөөлөгч оролцож байна.