
Зоонозын өвчнөөс сэргийлэх, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо сэдэвт баруун бүсийн форум Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.
Тус форум нь баруун бүсийн аймгуудад тархах эрсдэлтэй тарваган тахал, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, тандалт судалгаа, эрсдэлийн талаарх мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Форумын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан оролцож, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, эрт илрүүлэлт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг онцлон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Форумд Онцгой байдлын ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, МУИС, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэнд, мал эмнэлэг, байгаль орчин, онцгой байдлын салбарын төлөөлөл оролцож байна.
Хоёр өдрийн форумын хүрээнд баруун бүсийн аймгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зоонозын өвчний эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх арга хэмжээг тодорхойлж, 2027 оны хамтарсан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зөвлөмжийг хэлэлцэхээр төлөвлөжээ.