
Хүүхдийг Ивээх Сангаас Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгийн удирдлага, орон нутгийн хамтрагч байгууллагуудын төлөөллийг оролцуулсан “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL) хөтөлбөрийг орон нутгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй туршлага, дүгнэлт уулзалт”-ыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Уулзалтаар ESEL хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, орон нутгийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн, сайн туршлагыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудал болон цаашид хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх боломж, шийдлийн талаар санал солилцов.
Уулзалтыг нээж Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч М.Батзориг, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, Боловсролыг дэмжих жилийн ажлын хэсгийн ахлагч Б.Наранбаяр нар үг хэллээ. Тэд хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэхэд орон нутгийн манлайлал, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын талаар Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа танилцуулж, аймгуудын төлөөлөл орон нутагтаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, туршлагаа хуваалцав.
Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримталж буй бодлого, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Өвөрхангай аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Сайнжаргал орон нутгийн бодлого, хэрэгжилтийн онцлог, хөтөлбөрийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг ESEL хөтөлбөрийг орон нутгийн бодлого, санаачилгатай уялдуулан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлж эхэлсэн туршлагаа танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид дэмжих боломж, зорилтын талаар санал хуваалцлаа.
Уулзалтад гурван аймгийн Засаг даргын орлогч нар, аймгийн зөвлөлийн ажлын хэсгийн ахлагч, гишүүд, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Насан туршийн суралцахуйн төвийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, орон нутгийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.
ESEL хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад энтрепренершип сэтгэлгээ, бүтээлч байдал, санаачилга, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах зэрэг амьдралын болон ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийн чухал ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг. Иймд хөтөлбөрийг орон нутгийн хөгжлийн бодлого, боловсролын салбарын зорилттой уялдуулж, төр, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх нь хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, үр дүнг тогтвортой хадгалах чухал ач холбогдолтой юм.