
Сангийн яам, Жендэрийн үндэсний хороо, Канад–Монголын МЕРИТ төсөл, Удирдлагын академи хамтран “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” сэдэвт баруун бүсийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21–24-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулж байна.
Тус сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нийт 40 төрийн албан хаагч хамрагдаж, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
Сургалтын нээлтэд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш оролцож, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар оролцогчдод мэдээлэл өглөө.
Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэй, эрэгтэй хүн, охид, хөвгүүд болон нийгмийн ялгаатай бүлгүүдийн хэрэгцээ, боломж, нөхцөл байдлыг харгалзан төсвийг төлөвлөх, хуваарилах, хэрэгжүүлэх замаар төсвийн үр өгөөжийг хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхэд чиглэдэг.
Энэхүү сургалт нь орон нутгийн төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийн талаарх мэдлэг, арга зүйн чадавхыг бэхжүүлж, цаашид байгууллага, орон нутагтаа мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарыг бэлтгэх ач холбогдолтой юм.