
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Солид партнерс групп” ХХК болон Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ингэний эрчимжсэн аж ахуйн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Өмнөговь, Дундговь аймгийн 60 гаруй тэмээчин оролцож, ингэний эрчимжсэн аж ахуй эрхлэх чиглэлээр онолын мэдлэг, практик ур чадвараа дээшлүүлж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чин Юн Диао оролцогчдод илтгэл тавьсан юм.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чин Юн Диаог хүлээн авч уулзан, орон нутагт ингэний аж ахуйг эрчимжүүлэх, ингэний сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.
Сургалтаар сүү бэлтгэн нийлүүлэх, саалийн малын эрүүл мэндийн хяналт, саалийн өмнөх бэлтгэл, ариун цэвэр, ингэний сүүний гарцыг нэмэгдүүлэх менежмент, нэг ингэний эдийн засгийн үр ашгийн тооцоо зэрэг сэдвээр мэдлэг олгоно. Түүнчлэн ингэний сүүний үйлдвэртэй танилцаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой дадлага хийж, туршлага судлах юм.
Энэхүү сургалт нь тэмээчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна ингэний сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн онцлогт тулгуурласан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд ач холбогдолтой юм