
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын холбогдох бүрэлдэхүүн Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулж буй биллиард тоглоомын газар, цахим тоглоомын газрын эрхлэгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар,Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2026 оны 3 дугаар сарын 31-ний А/59, А/15, А/ 74 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ын танилцуулга хийж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Мөн цахим тоглоомын болон биллиардын газруудын “Өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал”-ын талаар хүүхэд хамгаалал мэргэжлийн байгууллагууд зөвлөмж өгөв.
Цахим тоглоомын газар болон биллиардын газруудаар хүүхэд, өсвөр үеийнхэн ихээхэн үйлчлүүлдэг болсон бөгөөд Хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн үүрэг юм.
Хонгор нутгийн ирээдүй хойч үеийнхээ эрүүл, аюулгүй орчинд өсөж торних үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.