
Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 114 жилийн ой, “Гаалийн ажилтны өдөр” өнөөдөр (2026.10.20) тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан гаалийн байгууллагад ажил хөдөлмөрөөрөө манлайлж, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулж, цол олгох ёслолын ажиллагааг Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Ёслолын үеэр гаалийн байгууллагын албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Гаалийн албаны тэргүүний ажилтан” зэрэг шагналаар 57, “Гаалийн итгэмжит зөвлөх”, “Гаалийн зөвлөх” цолоор 59 хүнийг тус тус шагналаа.
Мөн Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, таслан зогсоосон, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамт олноо хошуучлан ажилласан, гаалийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж үйл ажиллагаанд нэвтрүүлсэн албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналыг Гаалийн Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, дэд дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Пүрэвсүрэн, Монголын гаалийн байгууллагын Ахмадын “Од” холбооны дарга Д.Цэвээнжав нар гардуулан өгч ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан гаальчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.