
Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд заасанчлан “Нэг хүрээлэн, нэг зураг төсөл” хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн монголын талын ерөнхий төлөвлөгөөг хийж буй “Сонголт дизайн” ХХК-ийн инженерүүд БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан Жөзяны Их сургуулийн Хот, хөдөөгийн төлөвлөлтийн хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэдтэй санал, мэдээлэл солилцох ажлын түвшний уулзалтыг /2026.10.16/ Захирагчийн ажлын албанаас зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хоёр талын төлөөллүүд “Хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний үндсэн дээр монголын талын төлөвлөгөөг оновчтой уялдуулан боловсруулах, үндсэн гол гарц, хоёр тусгай шугамын бүтээн байгуулах шат дараалал, төмөр замын холболт, өндөржилт зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал солилцон “Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн гол гарцын хил холболтын цэгийн байршилд газар дээр нь ажиллав.
Уулзалтын төгсгөлд талууд Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулан боловсруулах ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох мэдээллийг тогтмол солилцож байхаар тохирлоо.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА