
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар “Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, арга хэмжээг танилцуулж, сургалт зохион байгуулсан юм.
Энэ удаа Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Дүүргийн засаг дарга болон бусад албан хаагчидтай уулзалт хийж, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлууд, Чингэлтэй дүүрэгтэй холбоотой ирж буй өргөдөл гомдол, хүсэлтүүд хэрхэн шийдвэрлэгдэж, ямар асуудал гарч байгаа талаар, үнэлгээ мониторинг, тандалт судалгааны дүн шинжилгээг танилцууллаа. Тус дүүрэгтэй холбоотой бодит кейсүүдийг танилцуулж, зөрчлийг арилгах, ажил сайжруулах, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар зөвлөмж өглөө.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул: Засгийн газрын тогтоол, шийдвэр, санаачилга хэрхэн хэрэгжиж байгаад бодит үнэлэлт, дүгнэлт өгч, хэрэгжилтийг хангаж, эрчимжүүлж, тодорхой үр дүн гаргахад анхаарал хандуулан, эргэх холбоотой ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.