
Нийслэлийн Бизнес, Инновацын газрын дарга Б.Гантулга 2026 оны 10 дугаар сарын 15-нд Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны атташе Инес Хаабтай албан уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын инновацын экосистем, гарааны бизнесийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах, Францын инновацын төвүүд болон стартап акселераторуудтай хамтын ажиллагаа тогтоох, нийслэлийн гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын хөтөлбөрт хамруулах, хотын тулгамдсан асуудлыг инновац, технологийн шийдлээр шийдвэрлэх туршилтын төсөл хамтран боловсруулах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны атташе Инес Хааб хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай байгаагаа илэрхийлж, дэвшүүлсэн саналуудыг судлан, Францын инновацын төвүүдтэй холбох, тус улсын туршлагаас суралцах боломжийг бүрдүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо.
Түүнчлэн Францын Хөгжлийн агентлаг (AFD) удахгүй Монгол Улсад нээгдэх бөгөөд энэ нь хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж болохыг онцоллоо.
Энэхүү уулзалт нь Улаанбаатар хотын инновац, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Францын инновацын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахад чиглэсэн чухал алхам боллоо.