
128 га талбай бүхий энэ төв чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй бөгөөд хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай. Өргөн ба нарийн царигийн ачилт, буулгалтын 11.5 км төмөр зам, 50 тн даацтай 2 гүүрэн крантай, 3,200 контейнерийн багтаамж бүхий талбай, том оврын 133 автомашины зогсоол, гаалийн барилга, ажилчдын байр, механик засварын төв, 2 түвшинд огтлолцох хүнд даацын гүүрэн байгууламж, 1.6 км авто замтай юм.
Замын-Үүд Шилжүүлэн ачих анги нь үндсэн 4 талбайд БНХАУ-аас төмөр зам, автозамаар ирсэн ачааг вагоноос вагонд, автомашинаас вагонд 24 цагийн турш тасралтгүй ачиж, буулгаж байна.
Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой Логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон бусад тээврийн коридортой өрсөлдөх таатай боломжтой бүрдсэн.
Царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацаа багасаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадал, манай улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа тухай салбарын удирдлагууд танилцуулав.
Энэ онд 1.8 сая тн ачаа боловсруулж, ачиж, буулгах чингэлгийн тоо 111 мянга хүрэх төлөвтэй байна.