
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЛГАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажлын хэсэг Булган суманд гурван өдрийн турш ажиллаж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулын үйлчилгээ үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэн, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Ажлын хүрээнд сумын төв, Ёлт баг болон алслагдсан Шүвтэр багийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв. Мөн байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, илэрсэн асуудлыг шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр холбогдох зөвлөмж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Түүнчлэн хүүхэд, сурагчдад зориулсан сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, багш, ажилтнуудад хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэн, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд талуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд эргэн хяналт хийж, алслагдсан багийн өрхүүдээр ажиллан хүүхдийн амьдрах орчин, нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Мөн сумын Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагаа чухал юм.