
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн 2025 оны хоёрдугаар ээлжээр Төв сайхан нутгаасаа хугацаат цэргийн албанд татагдан зэвсэгт хүчин болон дотоодын цэрэгт цэргийн албаа нэр төртэй хааж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эрхэм дайчдаа аймаг, сумын удирдлагууд, аав ээж, ахан дүүс, нутгийн зон олон хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Эр цэргийн албанд шамдан суралцаж, бие бялдар, сэтгэл зүйн хат суусан алба хаагчдадаа баяр хүргэж аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Цогбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөр болон дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн артиллерийн дивизионы байлдагч А.Төгөлдөрзаяа нар үг хэллээ.
Цэргийн жинхэнэ албаа хаагаад ирсэн дайчид маань өнгөрсөн 1 жилийн хугацаанд цэргийн эрдэмд суралцахаас гадна Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гадаад хэл, компьютер, монгол бичгийн зохих мэдлэгийг эзэмшиж, жолооны курс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд давхар суралцаж гагнуурчин, өрлөгчин цахилгаанчин, үсчин, тогооч зэрэг аймаг, орон нутагт эрэлттэй байгаа мэргэжлүүдийг давхар суралцаж чадамжын үнэмлэхээ гардсан авсан нь бахархалтай.
Монгол Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдлыг сахин хамгаалж Улс орныхоо сүр хүч, цог золбоо хийморийн бэлгэдэл болсон эр цэргийн албаа нэр төртэй хааж халагдаж ирсэн эх оронч хөвгүүдийнхээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол цэргийн суу алдар үеийн үед мандан бадрах болтугай.