
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцууллаа.
✅️Хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Монгол Улсад одоогоор стандарт хэрэгжүүлэхээр заасан 71 хууль болон холбогдох зохицуулалтын хүрээнд нийт 6657 стандарт мөрдөгдөж байна. Гэвч 2022 онд 2004, 2024–2025 онд 2293 стандартад хийсэн үзлэгээр 1369 стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, 323 стандартыг хүчингүй болгох, 228 стандартыг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь стандартын хэрэгжилт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд эрсдэл учруулахын зэрэгцээ гадаад худалдаанд саад тотгор үүсгэж байгааг онцоллоо.
✅️Одоогийн мөрдөж буй хуульд стандартыг “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж тодорхойлсон нь хэрэгжилтийг хангахад хүндрэл учруулж байгаа бөгөөд лабораториудын хүчин чадал, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх сул, итгэмжлэгдсэн байгууллагаас гэрчилгээ авсан аж ахуйн нэгжүүдэд ч хууль тогтоомжийн шаардлага хангалтгүй хэрэгжиж байгаа нь хуулийг шинэчлэх гол үндэслэл болжээ.
🇲🇳Монгол Улс стандартчиллын анхны хуулийг 1994 онд, дараагийн хуулийг 2003 онд, одоо мөрдөж буй хуулийг 2017 онд баталсан. Шинэчилсэн найруулгын төслийг 2022 оноос боловсруулж, улсын хэмжээнд гурван удаа, салбарын хэмжээнд 60 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулан, 20 гаруй мянган санал, зөвлөмжийг тусгасан байна.
✅️Хуулийн төсөлд дараах найман гол шинэчлэл тусгажээ. Үүнд:
1. Стандартын хэрэгжилтийг сайжруулна. Иргэн, хуулийн этгээд стандартаа сонгох эрхтэй боловч сонгосон стандартынхаа шаардлагыг заавал хангана. Стандартад таван жил хүртэлх хугацаанд үзлэг хийж, жил бүр хянан шинэчлэх зохицуулалт тусгасан.
2. Лабораторийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлнэ. Хяналтын, баталгаажуулалтын, лавлагаа лабораторийн шатлал бий болгож, шинжилгээний маргааныг хараат бус лавлагаа лабораториор шийдвэрлүүлэх боломж бүрдүүлнэ.
3. Итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлнэ. Үндэсний итгэмжлэлийн байгууллагын чиг үүрэг, удирдлага, санхүүжилт, хараат бус байдал, хяналтын механизмыг тодорхой болгоно.
4. Гадаад худалдааг хөнгөвчилнө. Олон улсын гэрээний дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг давтан шалгахгүй байх замаар экспортын бүтээгдэхүүнд учрах тарифын бус саадыг бууруулна.
5. Төрийн худалдан авалтын чанарыг сайжруулна. Төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээ стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн байх нөхцөлийг бүрдүүлнэ.
6. Хяналт, хариуцлагыг тодорхой болгоно. Баталгаажуулалтын байгууллагын үр дүнг төрийн хяналтад ашигласнаар хяналтын давхардлыг бууруулна.
7. Мэдээллийн нэгдсэн сан байгуулна. Стандарт, лабораторийн шинжилгээ, тохирлын үнэлгээ, хяналтын мэдээллийг нэгтгэж, ил тод байдлыг нэмэгдүүлнэ.
8. Төвлөрлийг сааруулна. Аймаг, нийслэлийн стандартын байгууллагын чиг үүргийг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй болгохоор тусгажээ.
✅️Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар стандартын хэрэгжилт, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавих хяналт сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, экспортын боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр онцоллоо