
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагууд, бүс нутгийн олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, алба хаагчдыг олон улсын байгууллагаас зохион байгуулж буй богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-ээс жил бүр зарлагддаг тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 3 дахь жилдээ дараалан тэнцэж, сургалтад амжилттай хамрагдаад байна.
Дээрх олон улсын байгууллагуудаас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Япон Улсын нийслэл Токио хотод зохион байгуулсан “Хорих байгууллагын менежмент болон хоригдлуудыг дахин нийгэмшүүлэх нь” сэдэвт сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, хошууч Б.Тэмүүжин амжилттай хамрагдлаа.
Тус сургалтад Ази, Алс Дорнодын бүс нутгийн 16 орны хууль сахиулах болон хорих байгууллагын 20 гаруй алба хаагч, мэргэжилтэн оролцож, хорих байгууллагын менежмент, хоригдлыг дахин нийгэмшүүлэх, зан үйлийг өөрчлөх, хөдөлмөр эрхлүүлэх, эмзэг бүлгийн хоригдлуудтай ажиллах болон суллагдсаны дараах нийгэмд дасан зохицох үйл ажиллагааны талаарх мэдлэг, туршлага солилцлоо.