
Гадаад харилцааны сайд Батцэцэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Суурин төлөөлөгч Лионел Лоронг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсад хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичиг (Country Programme Document)-ийг шинэчлэн боловсруулах ажлын явц, мөн Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хөгжлийн түнш болохыг онцлов.
Мөн Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болсон Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлсэнд дахин талархал илэрхийлж, эл бага хурлын мөрөөр “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Суурин төлөөлөгч Лионел Лорон UNCCD COP17 бага хурал болон энэ 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Тэрбээр мөн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг ахиулах, уур амьсгалын тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, иргэдийн түүний дотор хөдөө орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлэв.