
🌐Жил бүрийн аравдугаар сарын 14-нд дэлхий нийтээр Дэлхийн стандартын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 2026 оны стандартын өдрийн үндсэн уриа нь “A Shared Vision for a Better World” буюу “Илүү сайн дэлхийн төлөөх хамтын алсын хараа” юм.
🌎Энэ жилийн онцлох сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилго болох “Боломжийн үнэтэй, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээр хангах” зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын стандартын оруулах хувь нэмэрт төвлөрч байна.
🇲🇳Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Дэлхийн стандартын өдрийг угтан 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”, 14-ний өдөр “Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтны өдөр”-ийг тус тус зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагаа нь стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа, түүний нийгэмд үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдэд холбогдох мэдээлэл, үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
🇲🇳Монгол Улсын хувьд Стандарт, хэмжил зүйн газар нь Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл” (ITDM)-тэй хамтран үндэсний стандартчилал, тохирлын үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, чанарын дэд бүтцийг бэхжүүлэх, гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд “Дэлхийн стандартын өдөр” чуулганыг хамтран зохион байгуулсан нь стандартын ач холбогдлыг олон нийтэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын стандартын хэрэгжилтийг дэмжих, Монгол Улсын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой.
#СтандартаарСоёлжъё