
Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийн үзлэгт нийт 9,011 хүүхдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 4 насны (3,6,11,15) хүүхдийн үзлэгт 884 хүүхэд хамрагдаж, төлөвлөсөн нийт хүүхдийн 9.3 хувийн хамрагдалттай байна. Одоогоор 8 сургууль, 5 цэцэрлэгт үзлэг эхлээд байна.
Нэгдүгээр ангийн буюу 6 настай хүүхдийн нас, хөгжилд тохирсон үзлэг, оношилгоог хийж байна. Тухайлбал, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ, стрептококкийн халдвар илрүүлэх шинжилгээ болон харааны эмгэгийг илрүүлэх үзлэгийг зохион байгуулж байна.
✅Энэхүү эрт илрүүлгийн үзлэгийн гол ач холбогдол нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн байдлыг үнэлэх, харааны өөрчлөлт, зүрхний эмгэг болон бусад эрүүл мэндийн асуудлыг шинж тэмдэг илрэхээс өмнө буюу аль болох эрт илрүүлэхэд оршино. Ингэснээр шаардлагатай тохиолдолд хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид эрт илгээж, оношилгоо, эмчилгээнд хамруулах, цаашид үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
✅Цэцэрлэг, сургуульд суурилан үзлэг зохион байгуулж байгаа нь хүүхдийг өөрийн сурч, хүмүүжиж буй орчинд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, эцэг эх, асран хамгаалагчдын цаг хугацааг хэмнэх, эрт илрүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.