
@Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын Газар
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрт Дундговь аймгийн хэмжээнд нийт 100 өрх хамрагдсан юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сайнцагаан сумын ЗДТГазрын дарга Н.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хөтөлбөрт хамрагдаж буй өрх бүрийн хэрэгцээ, нөхцөл байдлыг тодорхойлон, хөдөлмөр эрхлэх боломжийг судлав.
Мөн өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, их, дээд сургуульд суралцах хуваарь авсан боловч сургалтын төлбөрийн шалтгаанаар суралцаж чадаагүй иргэний асуудлыг шийдвэрлэх, зарим асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэх талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр “Жайка” олон улсын загвар төсөл хэрэгжүүлэгч “Мөнх Хэт Цахиур” хөдөлмөрийн биржийн төлөөлөл оролцож, хөтөлбөрт хамрагдсан өрхийн хөдөлмөрийн насны, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах талаар санал солилцлоо.
Ажлын хэсэгт “Жайка” олон улсын загвар төсөл хэрэгжүүлэгч, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга нар, баг болон сургуулийн нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.