
“Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг хооронд “Цөмийн энерги болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2009 онд анх байгуулсан. Санамж бичгийн гол зорилго нь талууд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг дэмжих явдал юм.
Тус санамж бичгийн хүрээнд Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс Япон Улсад зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт” болон сургагч багш бэлтгэх сургалтуудад 2010-2025 онуудад манай улсын 100 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдсан байна.
2012 онооос Япон Улсад зохион байгуулагдсан “Сургагч багш бэлтгэх сургалт”-д
Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт
Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал
Реакторын инженерчлэл гэсэн чиглэлээр жил бүр сургагч багш бэлтгэн, бэлтгэгдсэн сургагч багш нар Монгол Улсад “Дагалдах сургалт”-аар холбогдох байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулахад давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 500 гаруй албан хаагчийг хамруулсан.
Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх “Реакторын Инженерчлэл-2026“ дагалдах сургалтыг Японы атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн комисс, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль хамтран 2026 оны 09 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ШУТИС дээр зохион байгууллаа.
Энэ удаагийн дагалдах сургалтад Японы атомын энергийн агентлагиас Док (Ph.D) Иппей Амамото, Док (Ph.D) Мягмаржавын Одцэцэг нар хүрэлцэн ирж Nuclear Fuel Cycle Цөмийн түлшний мөчлөг I ба II, Цацраг идэвхт хаягдлын менежмент I ба II, Өндөр температурын хөргөлттэй реактор ба Ус төрөгчийн үйлдвэрлэл I ба II сэдвүүдээр хичээл орлоо.
Мөн Япон улсад суралцсан МУИС, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн ЭХИС-ийн багш нар цөмийн судалгааны болон эрчим хүчний реактор, ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн өгөгдөл зүй, цацрагийн хамгаалалт зэрэг сэдвүүдээр сурсан мэдлэгээ гурван өдрийн хугацаанд хуваалцлаа.
Сургалтанд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, МУИС-ийн Инженер, технологийн сургууль, ЦШУТҮХ, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Дулааны техник, үйлдвэрлэл экологийн хүрээлэн зэрэг 10 байгууллагын нийт 24 ажилтан хамрагдаж, “Реакторын инженерчлэл 2026” амжилттай зохион байгуулагдлаа.