
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны Намрын мод тарилтын нээлтийн арга хэмжээг, дөрвөн эгнээ авто замын нээлтийн ажиллагаатай хамтатган зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд, албан хаагчид оролцлоо.
Төв аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 20,0 сая мод тарихаар амлалт өгсөн. 2022-2026 онд 6,435,559 мод, бут, сөөг тарьж ургуулж байгаа бол энэ онд 2,3 сая мод тарихаар төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар 594,778 мод, бут, сөөг тариад байгаа юм. Тухайлбал Зуунмод сум 2022-2025 онд 62,342 мод тарьсан. 2026 онд 12 мянган мод тарихаар төлөвлөснөөс 2013 ширхэг мод, бут тариад байна.
2026 оны хагас жилийн байдлаар Уул уурхайн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалалтын хүрээнд Заамар суманд 16.9 га талбайд ойжуулалт хийсэн бөгөөд Батсүмбэр суманд БНСУ-ын "Юухан" группийн санхүүжилтээр "Халх голын хишиг" ХХК 15 га талбайд бортоготой шинэсний тарьцаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн "Оюу Толгой" ХХК-иас улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 100 сая мод тарих санаачилгын хүрээнд Лүн, Өндөрширээт суманд тус бүр 200 га голын татмын ойжуулалтын ажил хэрэгжиж байна.