
Дэлхийн 20 гаруй орны 6,800 гаруй хүүхэд оролцсон “Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг” (IWPG)-ээс зохион байгуулсан “Миний энх тайвны түүх” гар зургийн олон улсын 8 дахь удаагийн уралдааны эцсийн дүн гарлаа.
Тус уралдааны Монгол дахь 1 дүгээр шат Булган аймагт 4 насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 97 бүтээлээр үзэсгэлэн гарган олон нийтэд хүргэсэн.
Үзэсгэлэнгээс шалгарч, Монгол Улсаа төлөөлөн олон улсын шатанд өрсөлдсөн бүтээлүүдээс Булган аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 6А ангийн сурагч Н.Ялалтбаатар 10–12 насны ангилалд шагналт 4 дүгээр байр эзэлж, дэлхийн шилдэг 37 хүүхдийн нэгээр шалгарлаа.
Энэхүү амжилтаараа Булган аймгийнхаа нэрийг олон улсад гаргасан Н.Ялалтбаатар, түүний гэр бүл болон авьяас, ур чадварыг нь хөгжүүлэн амжилтад хүргэсэн Булган аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Нутгийн өнгө” дугуйлангийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш Л.Наранзаяа нарт баяр хүргэе.
Урлан бүтээх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.