
Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн цахим ур чадвар болон кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой "Цахим Говь-Алтай" арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, салбарын харьяа байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын төлөөлөл, иргэд оролцлоо. ЦХИХХ-ны сайд Ч.Номин “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого ба хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хурдан шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлого, хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө. Мөн цахим шилжилтийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо, мэдээлэл холбооны дэд бүтцийн найдвартай байдал, иргэдийн цахим ур чадвар чухал болохыг онцолсон юм. Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбат оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутгийн хөгжилд цахим шилжилтийн ач холбогдол, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхэд хамтын ажиллагааны чухлыг илтгэлдээ онцоллоо. Арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг орон нутагт түүчээлэн хэрэгжүүлж буй албан хаагчдад батламж, салбарын шагнал гардуулах ёслол болж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 18 операторт батламж гардууллаа. Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдыг салбарын шагналаар шагнав. “Цахим Говь-Алтай” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтнууд, инженер техникийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд зориулсан олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Тухайлбал кибер аюулгүй байдал, хиймэл оюунд суурилсан эрсдэл, төрийн мэдээллийн систем, нээлттэй өгөгдөл, цахим үйлчилгээний хөгжил зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хүргэж байгаа юм.