
Монголын Хүүхдийн Гэмтэл Согогийн Нийгэмлэг, Нийслэлийн Ротари клуб, Хонг Конг Пенинсула Ротари клуб хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн тавхайн гажгийн эрт илрүүлэг (0–2 сартай)” төслийн баг 2026 оны 09 дүгээр сарын 14–15-ны өдрүүдэд Н. Баасанжавын нэрэмжит Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвд ажиллалаа.
Төслийн хүрээнд хүүхдийн төрөлхийн тавхайн гажгийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.
Сургалт, үзлэг оношилгоог Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Д.Оюунжаргал, ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Х.Ганзориг, ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Б.Солонгоо, их эмч, АУ-ны магистрант Н.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн баг зохион байгуулж, төрөлхийн тавхайн гажигтай хүүхдүүдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ, шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Сургалтаар хүүхдийн майга болон хавтгай тавхайн ерөнхий ойлголт, оношилгоо, эмчилгээ, гөлтгөнөн боолт хийх аргачлал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онолын мэдлэг олгож, дадлага ажил хийлээ. Мөн төрөлхийн тавхайн согогтой хүүхдүүдэд амбулаторийн үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран гүйцэтгэлээ.
Түүнчлэн нярайн төрөлхийн майга тавхайг эрт илрүүлэх үзлэгийн хуудас, аргачлалыг танилцуулж, тавхайн гажгийг нярай үеэс нь эрт илрүүлэх, оношлох, шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах чиглэлээр орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ.
Хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй оношлон эмчлэх нь хүүхдийн зөв өсөлт хөгжил, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү төсөл нь орон нутагт хүүхдийн тавхайн гажгийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах ач холбогдолтой.
Хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үйлсэд хамтран ажилласан төслийн баг болон нарийн мэргэжлийн эмч нартаа талархал илэрхийлье.