
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 дугаар тушаал болон холбогдох шийдвэрүүдийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Жирэмсний бүлгийн хяналт” сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.
Сургалтад Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Булган сумын Нэгдсэн эмнэлэг, сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 25 эмч, эх баригч хамрагдаж, жирэмсний бүлгийн хяналтыг орон нутагт хэрэгжүүлэх сургагч багшаар бэлтгэгдлээ.
Сургалтын хүрээнд жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, бүлгийн хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, эх, ураг, нярайн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр мэдлэг, арга зүй, ур чадвараа дээшлүүлэв.
Мөн оролцогчид БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн үйл ажиллагаатай танилцаж, жирэмсний бүлгийн хяналт, сургалт зохион байгуулах өрөөний орчин, тохижилтод шаардлагатай зарим хэрэглэгдэхүүн, сургалтын материалыг шийдвэрлэн, цаашид жирэмсний бүлгийн хяналтыг тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү сургалт нь жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ эх, ураг, нярайн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн эмч, эх баригчдын чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.