2026 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордонд “International Academic Seminar in Mongolia – 2026” олон улсын эрдэм шинжилгээний семинар зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг БНСУ-ын SCL Healthcare Group, Ач АУИС-ийн Ач Интернэшнл эмнэлэгтэй хамтран зохион байгуулж, Ховд болон баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан ажиллаа.
Семинарын нээлтэд Ховд аймгийн БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, SCL Group-ийн удирдлага болон Ач АУИС-ийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Эрдэм шинжилгээний семинарын хүрээнд Монгол, БНСУ-ын эрдэмтэн, эмч нар эмнэлгийн ёс зүй, мэргэжлийн харилцаа ба хандлага, далд сүрьеэгийн илрүүлэлт ба хяналт, БНСУ-ын үндэсний хөтөлбөрийн туршлага, хоол боловсруулах замын эмчилгээний дуран, улаан хоолой болон ходоодны хавдрын урьдал эмгэгийн оношилгоо ба чанарын үзүүлэлт, цөсний ерөнхий сувгийн чулууны бага инвазив эмчилгээ, хоол боловсруулах дээд замын цочмог цус алдалтын дурангийн цус тогтоох арга зэрэг эмнэлзүйн чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцлоо.
Тус семинар нь баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олон улсын түвшний шинэ мэдлэг, оношилгоо эмчилгээний арга туршлагаас суралцах, мэргэжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлснээрээ онцлог байлаа.
Мөн арга хэмжээний үеэр байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичиг (MOU)-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан нь эрүүл мэндийн салбарын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжилтэн хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чухал алхам боллоо.
Баруун бүсийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг туршлагаа хуваалцсан нийт эрдэмтэн, профессор, эмч мэргэжилтнүүд болон хамтран зохион байгуулагч байгууллагууддаа талархал илэрхийлье.