
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, БНХАУ-ын “Elion Resources Group” компанийн дэд ерөнхийлөгч Гуо Вэйлян нар “Цөлийн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан билээ.
Уг Санамж бичгийн хүрээнд “Elion Resources Group”-ийн Дэд ерөнхийлөгч Гуо Вэйлян тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар, “Байгаль орчны мэдээлэл, сургалт, судалгааны төв” ТББ-ын захирал, доктор Я.Ариунзул болон холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун уулзалтын үеэр Дундговь аймагт цөлжилт, бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг асуудал тулгамдаж байгааг онцолж, Күбүчи цөлийг нөхөн сэргээсэн “Elion Resources Group”-ийн туршлага, технологийг Дундговийн онцлогт тохируулан нутагшуулах, цөлжилттэй тэмцэх, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Дундговь аймгийн талаас байгаль орчин, уур амьсгалын нөхцөл байдал, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм. Мөн “Elion Resources Group”-ийн төлөөлөгчид Ордос хотын Күбүчи цөлд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, хуримтлуулсан туршлага, арга технологийн талаар танилцуулж, Дундговь аймгийн нөхцөлд нутагшуулах боломжийн талаар санал солилцсон юм.