
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, “Эмээлт Майнз” ХХК-тай хамтран Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Цөмийн шинжлэх ухаан” танин мэдэхүйн сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Тус сургалтад Баяндун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн 100 сурагч, Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5–9 дүгээр ангийн 80 сурагч буюу нийт 180 сурагч хамрагдав.
Сургалтын зорилго нь сурагчдад цөмийн шинжлэх ухаан, байгалийн цацраг идэвх, цөмийн эрчим хүч, цацрагийн хэрэглээний талаарх суурь ойлголт, мэдлэг олгох, онолын мэдлэгийг туршилт, дадлагаар бататгах, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр танин мэдэх сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэв. Сургалтыг онол, практикийг хослуулсан хэлбэрээр зохион байгуулж, сурагчид цөмийн эрчим хүчний реакторын цаасан макетыг өөрсдөө угсран, реакторын үндсэн бүтэц болон цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үйл явцын талаарх ерөнхий ойлголтоо бататгалаа.Түүнчлэн үүлэн камер ашиглан цацрагийн бөөмсийн үүсгэж буй мөрийг ажиглах туршилт хийж, нүдэнд үл үзэгдэх цацрагийн үзэгдлийг бодитоор ажиглав. Мөн дозиметрийн багажаар орчны гамма цацрагийн түвшнийг хэмжиж, хэмжилтийн үр дүнг тэмдэглэн, байгалийн цацраг идэвх болон орчны цацрагийн түвшний талаарх мэдлэг, ойлголтоо практик дадлагаар бататгасан юм.
Энэхүү сургалт сурагчдад цөмийн шинжлэх ухааны талаарх зөв ойлголт, суурь мэдлэг олгохын зэрэгцээ шинжлэх ухааны туршилт, судалгааны арга зүйтэй танилцах, танин мэдэх сонирхлоо хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.