
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Орхон–Онги” эко төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн тодотгох замаар “Онги–Цагаан бургастай” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хүрээнд орон нутгийн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Дундговь аймагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Усны газрын дарга З.Батбаяр, “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирал Г.Мөнх-Эрдэм, төслийн удирдагч, Ph.D Б.Аюурзана, төслийн зөвлөх, инженер, мэргэжилтнүүд болон аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллага, ус ашиглагчдын төлөөлөл оролцов.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тус төсөл нь говийн бүсийн усны нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцолж, төслийн судалгаа, төлөвлөлт болон цаашдын хэрэгжилтийн хүрээнд аймаг, орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган идэвхтэй хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн юм.
Төслийн удирдагч Б.Аюурзана төслийн зорилго, ач холбогдол, урьдчилсан техник, технологийн шийдэл, судалгааны ажлын талаар танилцуулж, оролцогчдын санал, хүсэлтийг сонсон санал асуулга зохион байгуулсан байна.
Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талууд төслийн ТЭЗҮ-ийн судалгаа, төлөвлөлтөд шаардлагатай орон нутгийн мэдээлэл, санал, хэрэгцээг тусгах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр санал солилцож, цаашид харилцан уялдаатай, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.
“Онги–Цагаан бургастай” төслийн дараагийн уулзалт, хэлэлцүүлгийг Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд зохион байгуулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, ус ашиглагч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн санал, хүсэлтийг авч, ТЭЗҮ-ийн судалгаа, төлөвлөлтөд тусган ажиллах юм.