
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар тусгай салбарын штабын барилга шинээр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал Б.Мөнх-Ирээдүй, Цэргийн штабын дарга, хурандаа Ө.Баясгалан, 278 дугаар тусгай салбарын захирагч, дэд хурандаа Х.Аскербек болон төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагын удирдлага, салбарын бие бүрэлдэхүүн оролцов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар шинээр ашиглалтад орсон штабын барилга, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, ажиллаж, амьдарч буй орчин нөхцөлийг үзэн, холбогдох албан тушаалтнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар үүрэг, чиглэл өгсөн юм.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй 278 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүний үйл ажиллагааг онцлон тэмдэглэж, ирэх онд алба хаагчдын найман айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээ илэрхийлсэн байна.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, төрийн цэргийн байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж, орон нутагт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн шинээр ашиглалтад орсон штабын байрны тохижилтод зориулан 50 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд алба хаагчдын ажиллах, үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэн, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
Штабын шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэсэн бөгөөд цэргийн алба хаагчид байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлийг үл ажран, сахилга зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараа дайчлан төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд хурандаа Г.Золзаяа даргатай Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга болон Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилуулав.