Мянгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт Хурлын даргын өрөөнд хуралдав. Хуралдаанд Зөвлөлийн 6 гишүүн оролцож, Зөвлөлийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Идэрзаяа удирдав.
Хуралдаанаар
1.2026 оны 3 дугаар улирлын ээлжит хуралдаанд дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхийг шийдвэрлэв:
- Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
- Мал аж ахуйн болон төв, суурин газрын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын танилцуулга
- Сумын аюулгүй нөөцийн 2026-2027 оны зарцуулалтын тайлан, танилцуулга, дахин нөөц бүрдүүлэх тухай
- Мал үржлийн ажлын стратеги төлөвлөгөө батлуулах тухай
- Сумын бэлчээр ашиглалтын журмыг шинэчлэн батлах тухай
- Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн чанар, эргэн төлөлтийн танилцуулга
- Ахмадын холбооны чийрэгжүүлэлтийн тоног, төхөөрөмжийг ашиглуулах журам, үнэ, төлбөр, хураамжийн хэмжээ тогтоох эсэх
- Сумын 2026 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай
- ЗДТГ-ын дансанд бүртгэлтэй машин техникийг орон нутгийн өмчит компанид өмчлүүлэх тухай асуудал
- Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хяналтын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, сумын Засаг даргад үүрэг чиглэл хүргүүлэх тухай
2."Нээлттэй Хурал - Хороодын танхим" ажил зохин байгуулах буюу төлөөлөгчдийг нээлттэй танхимд ажиллуулах асуудлыг хэлэлцэж 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 09-ны өдрүүдэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 хороо /21 төлөөлөгч/ хуваарийн дагуу ажиллаж иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэв.